АНУ-ын Лос-Анжелес хот болон ойролцоох бүс нутагт дэгдсэн ойн түймэр 2025 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 6300 гаруй га талбайг хамарч, 1000 орчим байшин барилга сүйдсэн нь тус хотын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна.
Түймрийн улмаас таван хүн амиа алдаж, олон хүн түлэгдэж гэмтсэн бөгөөд 150 мянга гаруй хүнд нүүлгэн шилжих зөвлөмж хүргүүлжээ.
Гал түймэртэй тэмцэх албаны дарга хангалттай хэмжээний хүн хүч дутагдаж байгааг онцолж, ус хомсдолтой тулгарч буйг мэдээлсэн байна.
Түймрийн голомтод байгаа монгол иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Лос-Анжелесийн монголчуудын холбоо анхааруулга, зааварчилгаа тогтмол өгч байгаа бөгөөд яаралтай тусламж, орчуулга хэрэгтэй тохиолдолд (213)292-4925 дугаараар холбогдох эсвэл report@lamongolians.org хаягаар хандах боломжтой аж.









