-Орон нутгийн сонгуулийн дараа бүх төлөөлөгчид нэг дор цугласан анхны үйл ажиллагаа гэж ойлгож байна. Сургалтын агуулга юунд чиглэгдсэн талаар дэлгэрүүлэхгүй юу?
Өнгөрсөн 10 дугаар сард 2024 оны Орон нутгийн ээлжит сонгууль болж өнгөрлөө. Сонгогч түмэн ч нутгийн өөрөө удирдах ёсны дагуу өөрийн төлөөлөгчөө сонгоод удаагүй байна.
Орон нутаг бүр өөр өөрийн нийгэм, эдийн засгийн онцлог орчин нөхцөл, давуу сул талуудтай байхаас гадна тэнд амьдарч буй хүмүүсийн үнэлэмж, төрийн үйлчилгээ хүртэх хэрэгцээ, шаардлага, үйлчилгээг тэдэнд хүргэх арга замууд нь ялгаатай. Энэхүү ялгаатай нөхцөлд ард иргэдэд төрийн үйлчилгээг ойр дөхөм байлгах, оновчтой хүргэх, ардчилсан зарчмаар засаглах, иргэдийн ашиг сонирхлын дагуу улс төрийн шийдвэрийг гаргаж байх зэрэгт нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэ үүднээс өнгөрсөн орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, нутгийн ард иргэдээсээ төлөөлөх эрхээ авч, аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйчүүд 2024 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод цуглаж туршлага, мэдлэгээ хуваалцлаа. Сургалтад Нутгийн өөрөө удирдах ёсны баталгаа болсон ИТХ-ын төлөөлөгч 67 эмэгтэй хамрагдсан. Бүтэн 2 өдөр нутаг орондоо хийж хэрэгжүүлэхээр зорьсон мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанууд, туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ цаашид хамтран хийж, хэрэгжүүлж болох ажлын талаар ч ярилцаж амжлаа.
–Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 100-н жилийн ой тохиож байгаа. Иймд танай сургалтын агуулгад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сэдэв байсан уу?
-1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталснаар Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь нийгэм эдийн засгийн олон дагуулсан байдаг. Энэ хүрээнд олон эрхүүдийг хуульчилсан байдаг бөгөөд үүний дотор Монгол Улсын эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй сонгох, сонгогдох эрхтэйг баталгаажуулсан Ази тивдээ анхдагч улс шүү дээ. Энэ утгаараа Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан учраас 11 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн ордонд чуулганаа зохион байгуулсан байдаг. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зорилго чиглэл нь мөн ялгаагүй эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг утгаараа Монголын нийт эмэгтэйчүүд, цаашлаад нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг эмэгтэйчүүд хэрхэн шийдвэрлэх, тэдгээрт хэрхэн оролцох гэх мэт өргөн хүрээний үйл ажиллагааг явуулдаг. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нийгэмд хандсан олон үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, нутгийн өөрийн удирдлагын шийдвэр гаргах түвшинд сонгогдсон эмэгтэйчүүдээ чадавхжуулах зорилго бүхий эмэгтэйчүүдийн хамтын манлайллын сургалтыг Улс тунхагласны ойн өдрийг угтаж зохион байгууллаа. Тодруулж хэлэхэд Нутгийн өөрийн удирдлагын хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх бодит эрх, чадвар байдаг учраас сургалтыг ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдийн хүрээнд зохион байгуулсныг дахин дурдъя.
-Энэ жилийн Орон нутгийн сонгуулийн зохион байгуулалт, үр дүнгийн талаар төлөөлөгчид маань ямар байр суурьтай байгаа бол?
-Мэдээж сонгууль болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гэхдээ 2024 оны УИХ-ын сонгууль нь сонгуулийн шинэ тогтолцоо хийгээд, төлөөллийг хангах квотын зохицуулалт 30%-д хүргэсэн онцлогтой сонгууль болсон. Гэтэл Орон нутгийн сонгууль нь хуучин хуулиараа зохион байгуулагдсан нь мэдээж олон сул талыг бий болгосон. Хүйсийн квот 20%, сонгуулийн зардлыг бууруулах зохицуулалт Орон нутгийн сонгуулийн хуульд тусгагдаагүй нь маш өндөр зардалтай боллоо гэдгийг хүн бүр хэлж байна. Энэ нь төлөөлөл нь хангагдаагүй олон нийгмийн бүлэг шийдвэр гаргах түвшинд сонгогдох боломжийг мөн л боомилсоор байна. Цаашид Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд бид анхаарлаа хандуулах бодит шаардлагыг бий болгож байна. Манай АЭХ ч мөн үүнд анхааран ажиллахаар төлөвлөж байна.
Мөн шинэ Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч, намын дүрэм, журам, зохион байгуулалтаа шинэчлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд ч ардчиллын эмэгтэйчүүд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.









