1940 оны хавар Дэлхийн II дайн үргэлжилж байв. АНУ-д хүнд ачааны машин, чирэгч тээврийн хэрэгсэл хангалттай байсан ч цэргийн ерөнхий зориулалттай, бартаа туулах чадвар бүхий цоо шинэ төрлийн тээврийн хэрэгсэл байсангүй.
Армид зориулсан ерөнхий зориулалттай автомашин бүтээх тендерийг Пентагоноос яаралтай зарлав. Дээд тушаалын төдийгүй дунд, доод тушаалын офицерууд ч унах жижиг, авсаархан мөртлөө зэвсэг, галт хэрэгсэл, цэрэг, шархтан зөөж, хөнгөн чирэгч, тагнуулын болон хөдөлгөөнт галын цэгийн зориулалттай ашиглаж, байгалийн саадыг төвөггүй туулах чадвартай унаа шаардлагатай байлаа.
Тендерт тавигдсан шаардлагаар Америкийн армийн машин дөрвөн дугуй хөтлөгчтэй, 270 кг-аас багагүй ачаа ачиж, 7,62 мм-ийн пулемёт зоож болох зайтай, 590 кг-аас илүүгүй жинтэй машин байх ёстой байв.
Ердөө 49 хоногийн давчуу хугацаа заасан армийн тендерт цор ганц оролцогч болох, тухайн үед дампуурлын ирмэгт тулаад байсан “American Bantam Car” компанийн загвар яллаа. Гэвч жижиг компани цэргийн том захиалга биелүүлж чадах, эсэхэд Пентагон эргэлзсэн тул “Willys Overland”, “Ford” компаниудыг “Bantam”-ын туршилтын загварыг дууриалган машин бүтээлгэхээр тендерт давхар оролцуулсан байна.
Үүний ачаар хооронд нь ялгахад төвөгтэй “Bantam”, “Willys”, “Ford”-ын тусдаа гурван загвар бий болов. Загваруудаас хөдөлгүүр, явах эд ангийн техник үзүүлэлтийн хувьд хамгийн боловсронгуй нь болох “Willys”-ийн загварыг арми үндсэн стандарт болгон батлав. Үйлдвэрлэгч тус бүрт туршилтын 1500 ширхэг машин үйлдвэрлэх захиалга өгчээ. Хожим нь туршилтын загварыг бүгдийг нь Ленд- Лизийн шугамаар холбоотон Их Британи, ЗХУ-руу ачуулсан юм.
Дэлхийн II дайны турш дээрх гурван компани нийт 639245 ширхэг цэргийн ерөнхий зориулалттай машин үйлдвэрлэснээс ердөө 2675 нь уг машиныг анхлан бүтээгч “Bantam”-ын “BRC-40” загвар байжээ. 1941 оноос “Willys” туршилтын машины сайжруулсан хувилбараа “MB” гэсэн нэрээр, “Ford” компани “GP” гэсэн нэрээр үйлдвэрлэж эхэлсэн нь дайн дуустал өөрчлөгдсөнгүй.
Дэлхийн II дайны үед “Bantam BRC-40”, “Ford GP”, “Willys MA” машинуудыг бүгдийг нь “Жийп” (Jeep) хэмээн ерөнхийлөн нэрлэдэг байв. Жийпнүүдээс хамгийн төгс нь болох 2.2 литрийн багтаамж бүхий 60 морины хүчтэй дөрвөн цилиндрт хөдөлгүүртэй “Willys MB” загвар 104 км цагийн хурд авах чадвартай байжээ.
Дэлхийн II дайны турш нийт 639245 цэргийн ерөнхий зориулалттай машин үйлдвэрлэжээ
Дэлхийн II дайны турш ЗХУ-д холбоотноос нь “Bantam BRC-40”-өөс гадна 50500 ширхэг “Willys MB”, ”Ford GP” нийлүүлсэн нь хожмын орос жийпний үндэс болж өгчээ. ЗХУ “Willys MB” загварт суурилсан өөрийн хэд хэдэн хувилбар үйлдвэрлэв. Үүнээс хамгийн алдартай нь 1943 онд гарсан “Газ-67” юм.
Дайны үед ердөө 5500 ширхэг үйлдвэрлэсэн уг машин хурдны хувьд “Willys”-ийг гүйцэхгүй ч шатахуун голдоггүй, бензинээс гадна, солярка, керосинээр хүртэл ажилладаг байснаараа америк машинаас давуу болжээ.
Уг загвар хожмын сайжруулсан “Газ-67Б” загварын хамтаар 1953 онд алдарт “Газ-69” гарах хүртэл ЗХУ- ын гол жийп болж байлаа. Хожим ЗХУ-д бартаа туулах зориулалттай, дөрвөн дугуйн хөтөлгөөнт, рам хийц бүхий ямар ч машиныг үйлдвэрлэгчээс нь үл хамааран “жийп” хэмээн нэрлэдэг болсон нь Монголд уламжлагдан хэрэглэгдэх болсон түүхтэй. Харин америкчууд ийм автомашиныг SUV (sport utility vehicle) гэсэн ангилалд багтаадаг байна.
Дэлхийн II дайн дууссаны дараа “Jeep” нэрийг “Willys” компани машиныхаа албан ёсны худалдааны тэмдэгт болгон баталгаажуулсан юм. Дайны үеэр жийпний захиалгын ачаар эргэн сэргэсэн “Willys Overland” дайн дуусмагц иргэний зориулалттай жийп үйлдвэрлэх болсон нь тус компанид муугүй орлого оруулжээ. Гэвч санхүүгийн хувьд төдийлэн амжилттай байж чадаагүй “Willys Overland”-ыг хожим олон компанид нэгдэх хувь тавилан хүлээж байлаа. “Кaiser-Frazer” корпорацитай нэгдэж 1963 онд “Kaiser-Jeep” kорпораци болж хувирснаас хойш “Willys” нэр автомашины түүхэнд мартагдлаа.
1970 онд “Kaiser-Jeep”-ийг “American Motors” корпораци худалдан авч өөрийн салбар “Jeep Corporation” болгон өөрчлөв. Худалдан авалт үүгээр дууссангүй. 1987 онд Америкийн автомашин үйлдвэрлэгч “том гурав”-ын нэг “Chrysler” корпораци “Аmerican Motors”-ийг худалдан авснаар тус компанийн бие даасан брэнд болсон түүхтэй.









