УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн, гол санаагаа тоймлон хүргэе
🟦Төсвийн хүрээний мэдэгдэлд 2024 оны Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 22.9 их наяд төгрөг байхаар баталсан боловч төсөв өргөн мэдүүлэхдээ 5.0 их наядаар нэмэгдүүлж орж ирсэн.
🟦Тодотголоор дахин 3.0 их наядын зардал нэмж, 30.5 их наядад хүргэсэн нь нийт дүнгээрээ нэг жилд 7.6 их наядаар нэмэгдсэн гэсэн үг. 2025 онд 5.3 их наядаар нэмсэн төсөл орж ирлээ.
🟦Ийнхүү 2023 оны төсвийн нийт зарлага 22.4 их наяд төгрөг байсантай харьцуулбал, ердөө хоёр жилд төсөв 60 хувь тэлжээ. Төсөв нь ингэж замбараагүй тэлсэн улс дэлхийн улс орнууд дотор байхгүй.
‼️Экспортлогч биш хэрэглэгч орны хувьд төсөв данхайх нь маш их хортой үзэгдэл.
🟦Үүнтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандаж буй асуудал:
1) Төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр ирэх жилүүдэд Монгол Улс гадаад өр зээл нэмэгдэж, төлбөр тооцоогоо төлж чадахгүй бодит эрсдэл үүсэж болзошгүй.
2) Төсвийн алдагдал ихэссэнээр Монгол банк мөнгөний бодлогоо хатууруулахаас өөр аргагүйд хүрч, арилжааны банкууд Монголбанкны үнэт цаас руу хошуурч бизнест мөнгө олдохгүй зээл очихгүй эрсдэл үүснэ.
3) Төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр эдийн засаг дах төрийн оролцоо улам нэмэгдэж, авлига амилна.
✅САНАЛ. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бизнес эрхлэгчдэд учруулж буй төрийн зүй бус аливаа дарамтыг арилгаж, ажил олгогчдод учруулж буй нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулахаас өөр арга зам алга.
🟦Төсөв бол төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл буюу төсвөөр дамжиж Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрддэг.
🟦Гэтэл төсвийн төлөвлөлт нь хөгжлийн бодлоготойгоо төдийлөн сайн уялдаагүй, төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүтцийг өмнөх онтой харьцуулахад нэг их өөрчлөлт алга юм.
🟦Бүхэлд нь дүгнэхэд, 2025 оны төсөв бол нүүрсний тоо болон үнийн өсөлтөд илүү тулгуурласан төсөв тул төлбөрийн тэнцэлд томоохон эрсдэл учруулж мэдэхээр төсөв болж байна.
‼️Үүнтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандаж буй асуудал:
1) Төсвийн хөрөнгө оруулалалтын дийлэнх хэсгийг үр дүн, үр нөлөө нь харьцангуй удаан хугацаанд гардаг бүтээн байгуулалтын санхүүжилтэд зарцуулахаар тусгажээ. Энэ нь нэг тулгуурт эдийн засгаас олон тулгуур бүхий эдийн засагт шилжих зорилттой нийцэхгүй байна.
2) Төрөөс бизнесийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримтлана гэсэн мөртлөө төсвийн зарлагын зориулалт, бүтцийг харахад төрийн оролцоо буурахааргүй байна.
✅САНАЛ:
– Төрийн өмчит компанийн шинэчлэлийг эхлүүлж, засаглал, үр ашгийг сайжруулах нь чухал юм. Хамгийн гол нь үр ашиггүй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг зоримог шийдвэр гаргаж, хувьчилж, тоог нь цөөрүүлэх шаардлагатай.
– Ихэнх төсвийн ерөнхийлөн захирагч нарын хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгож, төсвийн зарцуулалтын сахилга батыг сайжруулах нь чухал.
🟦Хамтарсан Засгийн газар энэ удаагийн төсвийг боловсруулж УИХ-д оруулж ирэхдээ:
1) Эрдэс баялагийн түүхий эдийн үнийн өсөлтийг дагуулж төсвийн зарлагыг тэлэх
2) Томоохон төслүүдийг эхлүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталсан.
‼️Үүнтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандаж буй асуудал:
– Төсвийн энэ их тэлэлтийг шингээх чадвар байна уу?
– Мөнгөний нийлүүлэлтийг дагаж, инфляц өсөх, иргэдийн амьжиргаанд хүндээр тусах эрсдэл байна.
🟦Мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтээр төсвийн алдагдал 2029 он хүртэл тогтмол нэмэгдэх хандлагатай байна. Түр зуурын шинжтэй үнийн өсөлтийг дагуулж, төсвийн болон мөнгөний бодлогын жолоогоо алдаж болохгүй.
✅САНАЛ. Эдийн засгийн өсөлтийг хадгалан авч үлдэх үүднээс түүхий эдийн үнийн өсөлтийг ухаалгаар удирдаж, төсвийн хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Мөн авлига дагуулж мэдэх, үр өгөөж багатай төслүүдэд тавих хяналтыг чангатгах нь чухал.
🟦Төсвийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн төсөөллийг мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой дор дурдсан тодорхой бус нөхцөлд хийсэн тул эрсдэл байгааг анхааруулж байна.
1) Мега төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц одоохондоо төдийлөн тодорхой бус
2) Мега төслүүдийн санхүүжилт бас төдийлөн тодорхой бус
3) Мега төслүүдэд хувийн хэвшлийн оролцоо бас тодорхой бус
‼️Үүнтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандаж буй асуудал:
– Импортын хамааралтай хөрөнгө оруулалтын зардлын их хэмжээний өсөлт нь инфляцыг хазаарлах боломж олгохгүй байж мэднэ.
– Гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь тийм ч амар биш байх болно.
✅САНАЛ. Иймд мега төслүүдийн хөрөнгө оруулалтад эрэмбэ тогтоож, ээлж дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хатуу мөрдөх ёстой.
🟦Нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад 2025 оны төсөв ямар нөлөө үзүүлэх үү асуудал төдийлөн тодорхой бус байна.
1) Энэ төсвийг хэрэгжүүлснээр хичнээн ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл болон ядуурал хэдэн хувиар буурах асуудлыг Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт дахь “Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт” тусгагдаагүй.
‼️Үүнтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандаж буй асуудал:
– Улсын нэгдсэн төсвийн төслийг анх болосруулах шатанд тухайн төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр нийгэмд үзүүлэх үр нөлөөг тодорхой шалгуур үзүүлэлтээр тооцох асуудал орхигдсоор ирсэн.
✅САНАЛ. Бид жил болгон төсөв зохиож, хэлэлцэж батлахдаа хэвшмэл хуучин аргаар хандмааргүй байна. Тэгэхээр цаашид төсөв боловсруулалтын чанар, арга барилыг эрс шинэчлэх хэрэгтэй байна. 2024/11/08









